Цэвэрлэх байгууламж

Ч.Сайханбилэгийн Засгийн газар шинээр цэвэрлэх байгууламж барих төслийг концессоор хэрэгжүүлэхээр болсныг зарласнаас хойш бүтэн хоёр жил өнгөрөөд байна.
Хамгийн сүүлд буюу 2017 оны гуравдугаар сарын 20-нд Засгийн газрын хуралдаанаар “Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж барих төсөл”-ийг барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр концессын шууд гэрээний төслийг тохирч, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Үндэсний хөгжлийн газарт даалгасан.



Тэр ч байтугай нийслэлээс Цэвэрлэх байгууламжийг Францын VIELLO компани барихаар тендерт шалгарсан. Тус компанитай энэ сард гэрээгээ хийж, ирэх дөрөвдүгээр сард цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэхээр болсныг зарлав.
Гэтэл түүнээс хойш уг асуудал бүрмөсөн намжлаа. Цаг хугацаа жамаараа эргэсэн ч ачааллаа дийлэхээ байсан цэвэрлэх байгууламжийн асуудлыг сөхдөг хүн үгүй болов.
Иймд “Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж барих төсөл”-ийг барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр концессын шууд гэрээний төслийг тохирох үүргийг хүлээсэн Үндэсний хөгжлийн газрыг зорьж, Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хэлтсийн дарга Н.Баярчимэгтэй уулзаж, ярилцлаа. 
-Засгийн газрын 2017 оны гуравдугаар сарын 20-ны хуралдаанаар “Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж барих төсөл”-ийг барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр концессын шууд гэрээний төслийг тохирохыг Үндэсний хөгжлийн газарт даалгасан. Гэсэн ч энэ асуудал өнөөдөр бүрмөсөн мартагдлаа. Шинэ цэвэрлэх байгууламж барих асуудал юу болсон бэ?

-Засгийн газрын 2015 оны 450 дугаар тогтоол гэж бий. Тэрхүү тогтоолд Улаанбаатар хотод Төв цэвэрлэх байгууламж барих төслийг концессын барих, ашиглах, шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлье гэж шийдсэн. Түүний дагуу 2015 оны аравнхоёрдугаар сард уралдаант шалгаруулалт зарласан. Урьдчилсан шалгаруулалтад таван компани шалгарч төслийн сонгон шалгаруулалтын хугацаанд хоёр нь буюу “Богда” ХХК, “Жинхуа” ХХК, “Максаун” түншлэл санал ирүүлсэн. Уг саналууд нь шаардлага хангаагүй учраас уралдаант шалгаруулалтыг хүчингүй болсон.

Дараа нь Концессын тухай хуулийн дагуу шууд гэрээ байгуулах  нөхцөл үүслээ гэж үзээд хоёр түншлэл рүү 2017 оны нэгдүгээр сард урилга хүргүүлэн шууд гэрээний хэлцлийг эхлүүлсэн. Гэсэн ч үнэ тарифын асуудал, татаасын асуудал зэрэг нь шаардлага хангаагүй учраас хэлэлцээрийг цуцалсан.
-Тэгэхээр концессоор цэвэрлэх байгууламж барих асуудал бүрмөсөн зогссон гэсэн үг үү?

-Шинэ цэвэрлэх байгууламж барих төсөл бол улс орны хүрээнд нэн тэргүүнд, зайлшгүй шийдэх ёстой, томоохон төсөл. Үүнийг концессын барих, ашиглах, шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх боломжгүй юм байна гэсэн дүгнэлтэд бид хүрсэн. Тиймээс хэлэлцээрийг дуусгасан. Бид энэ хугацаанд цэвэрлэх байгууламжтай холбоотой ямар нэгэн гэрээ хийгээгүй. Хэлэлцээрийн түвшинд явсаар байгаад дууссан. Бид концессоор энэ төслийг хэрэгжүүлэх нь зөв шийдэл биш гэж үзэж байна. Тиймээс санхүүжилтийн бусад эх үүсвэр, зээл тусламжийг хайх нь зүйтэй гэсэн саналыг Барилга хот байгуулалтын сайдад хүргүүлсэн. Цаашид хэрхэх талаар Байгаль орчин аялал жуулчлалын яам, Барилга хот байгуулалтын яам, Байнгын хороон дээр ч яригдаж байна. Хэрхэн шийдэгдэх нь одоогоор тодорхойгүй байна.

-Яагаад концессоор энэ төслийг хэрэгжүүлэх нь оновчгүй сонголт болчихов?
-Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн төслийг хэрэгжүүлэхэд техник, технологийн шийдэл, хэрэглэгчдэд очих үнэ тариф ямар түвшинд байх, эдийн засгийн хүндрэлтэй энэ үед татаасын асуудлыг яаж шийдэх зэрэг асуудал сөхөгдөнө. Цаашид концессоор барих, ашиглах, шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлээд явлаа гэхэд төрөөс татаас олгох уу гэдэг асуудал тулгарна. Манай байгууллага Засгийн газрын буюу Ерөнхий сайдын харьяа тохируулагч агентлаг.  Засгийн газрын хуралдаанаар  Улаанбаатар хотод төв цэвэрлэх байгууламж барих төслийг хэрэгжүүлэх хугацаанд улсын болон нийслэлийн төсвөөс санхүүгийн дэмжлэг буюу татаас үзүүлэхгүй байх нөхцөлөөр концессын гэрээний хэлэлцээг эцэслэн хийгээд гэрээний төслийг зохих журмын дагуу хуралдаанаар хэлэлцүүлэх чиглэлийг өнгөрөгч дөрөвдүгээр сард манайд өгсөн. Үүний дагуу саналаа хоёр түншлэлд хүргүүлсэн. Хэлэлцээрийн түвшинд санал нэгдээгүй. Тиймээс хэлэлцээр цуцлагдсан.

-Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр төв цэвэрлэх байгууламж барьж болзошгүй талаарх албан бус мэдээлэл сонссон?
-Байгаль орчин аялал жуулчлалын сайд саяхан Мянганы сорилтын сангийнхантай саяхан уулзсан юм билээ. Тэр үеэр сайд цэвэрлэх байгууламжийг барихад санхүүжилтийн асуудал хэр байгааг асуусан байсан. Манайд бол албан ёсны мэдээлэл ирээгүй.
-Оны эхэнд Нийслэлээс Цэвэрлэх байгууламжийг Францын VIELLO компани барихаар тендерт шалгарсан, дөрөвдүгээр сараас барьж эхэлнэ гэж мэдэгдсэн шүү дээ?
-Тэр талаар сайн мэдэхгүй байна.
Төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн нөхцөл байдлын талаар "ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ" цуврал сурвалжлагаас унших боломжтой.



Сурвалж: Г.Одгарав / news.gogo.mn  2017.09.26

0 comments:

Post a Comment