Цагаан хаалга! Ийм нэртэй хаалга миний л мэдэхээр XX зууны сүүлийн хагас, XXI зууны эхний арван жилд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод байсан юм. Бүр тодруулбал Буянт-Ухаагийн дэнж дэх буюу “Нисэх"-ийн, мөн хүнс, гутал, хивс, арьс шир, Авто засварын завод, Барилгын машин механизмын завод, Байшин үйлдвэр гээд манай хөнгөн, хүнд үйлдвэрийн олонхи нь байрладаг, хуучны ажилчны районы “Үйлдвэр комбинат”-ын цагаан хаалга гэж хоёр хаалга байлаа.
Эх орны дөрвөн зүгээс Буянт-Ухаад онгоцоор ирсэн хэн бүхэн Нисэхийн цагаан хаалга, мөн урдуур явбал Үйлдвэр комбинатын цагаан хаалгаар орж, улмаар нийслэл хотын төв жанжин Сүхбаатарын талбайд хөл тавьдаг юм. Дээд талдаа цэнхэр хадаг, энхийн цагаан тагтаа, хоёр талын босоо багана дээрээ сүлд бүхий хээ баримал наамалтай энэ цагаан хаалгууд манай нийслэл хотын барилга байгууламжийн түүх дурсгалын, даруухан авч нэгэн содон зүйл байсан гэхэд хилсдэхгүй биз ээ.
Миний бие өнгөрсөн арван зургаадугаар жарны Усан хулгана жилийн зуны дунд сарын хорьдын үеэр Монголынхоо алс Баруун хязгаарын Баян-Өлгий аймгаас Ан-24 онгоцоор нисэн ирж, тэр үед нийслэлийн Сүхбаатарын районы Намын хороонд хэлтсийн эрхлэгчийн ажилтай нагац ах маань тосон авч, ажил тарсны дараах цаг байсан болохоор тэдний албаны нэг хар “Волга" машин хөлөглөн, мөнөөх хоёр цагаан хаалгаар орж, МУИС-ийн төв байрны ар талын "Намын төв хороо, засгийн газрын” гэх “Г” хэлбэртэй баригдсан таван давхар цагаан байранд ирж, ЗХУ-д дээд сургуульд явах хүртлээ cap гаруй хугацаанд байрлаж билээ.
Тэр цагаас хойш эдүгээ дөчин дөрвөн жил улиран өнгөрч байна. Буянт-Ухаагийн нутаг дэвсгэрт ажил, амьдралтай болсон миний бие энэ урт хугацаанд хоёр цагаан хаалгаар түмэнтээ орж, гарч төр түмнийхээ үйлсэд хүчин зүтгэж, аж төрлөө амжуулж иржээ. Яагаад ч юм бэ, цагаан хаалгуудаар орж, гарах бүрт нэг том үйлсэд зорьсон, бүтээсэн мэт санагддаг байсан нь монгол хүний сайн зүйлд ямагт тэмүүлэх бэлгэ дэмбэрлийг ямагт дээдлэх ёс юм болов уу?..
Нэг нь нийтийнхээ төлөө, нийт нь нэгнийхээ төлөө, ажиллаж бүтээсэндээ таарах цалин хангамж авдаг, хийж чадсаныхаа хэрээр гавьяа шагнал, алдар нэр хүртдэг социалист нийгэм ид цэцэглэж байх үед бид энэ цагаан хаалгуудаар өглөө, орой хэдэнтээ орж, гарч нам төр, үйлдвэрчин, эвлэлээс зохиох улс төрийн сонсгол, лекц, дугуйлан, олон шатны хурал, зөвлөлгөөн, ажил мэргэжлийн болон социалист уралдаан гээд бүхий л ажилд оролцож, хоёргүй сэтгэлээр зүтгэж явлаа.
Тэр бүхнийхээ үр өгөөжөөр эцэг эх маань ч, бид өөрснөө ч үнэ төлбөргүй сурч боловсорч, эрүүл мэндээ хамгаалуулж, эх орныхоо бүтээн байгуултанд хувь нэмрээ оруулж, баталгаатай амьдарч ирснийг маань өнөө хэн бугай ч юу гэж хэлээд ч нууж дарагдуулах, мушгин гуйвуулах аргагүй бодит үнэн билээ.
Бас нийслэл хотын оршин суугчид маань өнгөрсөн олон арван жилд “Үйлдвэр комбинатын цагаан хаалганы дэргэд хүрээд очоорой...” гэж ярьж тохирч, болзож, алба, амины ажил төрлөө амжуулж, магадгүй манай үе үеийн ажилчин залуус тэнд хайрын болзоонд уулзан учирч, хожим нь гал голомтоо бадрааж явсан нь ч тоогүй олон биз ээ.
Энэ цагаан хаалгуудаар бидний өвөө, эмээ, эцэг, эх, ах, эгч, дүүс, бид өөрснөө төдийгүй эдүгээ бидний үр хүүхэд, мөн тэдний үрс- ач зээ нар маань аанай л мянгантаа орж, гарч, хичээл номын мөр хөөж, ажил үйлсэд шамдсан цагаан мөрт замаа эхэлсэн бөлгөө. Тийм учраас монгол түмний маань их аяны замын орж, гарах алтан босго болсон энэ цагаан хаалгууд гурван сая монголчууддаа өлзий хишиг, ээлээ хайрласан нь хязгааргүй буй заа.
Энэ цагаан хаалгуудаар мөн Дэлхийн таван хэлийн улс зон цувж, түүний дотор социалист хамтын нөхөрлөлийн орнуудын, нэн ялангуяа ах дүүгийн халуун найрамдалт агуу их Зөвлөлт гүрний хүндэт элч, төлөөлөгчид түмэнтээ орж ирж улсын маань нийслэлд янз бүрийн цуглаан, уулзалт болж, яриа хэлэлцээр хийж, гэрээ байгуулж, тэр бүхний үр ашиг монгол орны маань хөгжил дэвшил, монголын ард түмний минь сайн сайхан үйлсэд арлишгүй мөрөө үлдээсэн билээ.
Энэ цагаан хаалгуудаар Дээрхийн гэгээнтэн Далай лам Данзанжамц хэдэнтээ морилж, Монголын сансрын анхны нисэгч Гүррагчаа баатар, жүдо бөхийн олимпийн анхны аварга Түвшинбаяр, спорт, урлагийн аварга, алдарт хөвгүүд охид ,нь хөөр баяртай орж ирж, монгол гэдэг нэрийг дэлхийн чихнээ дахин дахин дуурсгаж, Азийн домогт нүүдэлчин ард түмнийхээ сүр сүлдийг өндөрт өргөн мандуулсан билээ.
Эдүгээ мөнөөх хоёр цагаан хаалга ор мөргүй болсон. Хэдхэн жилийн өмнө Буянт-Ухаагаас хотын төв хүртэлх зам харгуйг өргөтгөх, шинэчлэх болсон тул уг хаалгуудыг буулгаж, эдүгээ зөвхөн цагаан хаалганы тухай дурсамж үлдэж, магадгүй мөдхөн домог болох биз ээ. Хуучин юм ул болж, шинэ юм зул болдгийн жишээ энэ буй заа.
Харин цагаан хаалганы тухайд ийн бодлогошроход хүргэсэн зүйл бол эдүгээгийн Хан-Уул дүүрэгт байрладаг “Монгол" дээд сургууль, манай хүнсний ууган үйлдвэрийн нэг болох “Атар өргөө” хувьцаат компаний дэргэдэх “Цагаан хаалга’’ нэртэй хүнсний захын “Бэлгэ тэмдэг” нь мөнөөх цагаан хаалганы зураг болон үлдсэн юм байна, болж дээ гэж олзуурхсанаас үүдсэн юмаа.
Ийнхүү Цагаан хаалганы домог мөнхөд яригдсаар байх болно.
2016.05.18 .Буянт-Ухаа
Зохиолч, орчуулагч Х.Хангайсайхан
Сурвалж: sonin.mn
0 comments:
Post a Comment